Sevjidmaa Baasanjav
Quick Facts
Biography
Баасанжавын Сэвжидмаа (1977 оны арваннэгдүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн) нь Монголын хүний их эмч, хоёр улсын их сургуулийн багш, анагаах ухааны доктор юм. Б. Сэвжидмаа нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хумбольдт Их Сургуулийн харьяаны их сургуулийн эмнэлэг болох Шаритед хүний цус ойртолтоос шалтгаалсан шинэ төрлийн синдром (өвчний янз бүрийн шинж тэмдэг) мөн уургийн өөрчлөлтийг нээн илрүүлсэн эрдэмтэн юм.
Намтар
Б. Сэвжидмаа нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод гурван хүүхэдтэй айлын бага охин болон хорвоод мэндэлжээ. Түүний эцэг эх нь бас эмч бөгөөд ажлын шаардлагаар дөнгөж ой гарантай байхад нь Улаанбаатар хот руу шилжсэн байна. Хотод арван жилийн 6-р дунд сургуульд сурч байх хугацаандаа Нүцгэн уулын бэлд киноны гол дүр болох «Анужин»-ы дүрийг бүтээжээ. Дараа нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр дүүргээд, эндээс Герман Улсын Хумбольдт Их Сургуульд докторын ажлаа эхлүүлсэн байна. Тэрбээр докторын судалгааны ажлаа цус ойртолттой гэр бүлийн генийн өөрчлөлтийг судлан, түүнээс шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан синдром, мөн уургийн нийлэгжлийн өөрчлөлтийг нээн илрүүлж, түүнээ олон улсын анагаах ухааны шинэ өвчний бүртгэлд бүртгүүлэн докторын ажлаа („magna cum laude“ - онцсайн дүнтэй) хамгаалсан байна. Үүний дараа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд физиологийн тэнхмийн багш болон тэнхмийн эрхлэгчийн ажлуудыг гүйцэтгэж байв.
Өдгөө Герман Улсын Халле хот дахь Мартин-Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургуульд багшаар ажиллахын зэрэгцээ Монгол Улсад энэ жил (2021 он) ихээхэн газар авч байгаа Ковид-19 вирусийн халдварын бүтцийг тогтоох ажилд гар бие оролцон ажиллаж байгаа юм. Мөн түүнчлэн анагаах ухааны доктор, дэд профессор Н. Одонгуа, нийтийн эрүүл мэндийн хүний их эмч Э. Ундармаа нарын хамтаар Аз жаргал ба стресс хэмээх нийтийн эрүүл мэндэд зориулсан аз жаргалын дааврыг нэмэгдүүлэх, стрессийн дааврыг хорогдуулах, эрүүл хооллох зэргийн сэдвийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан номыг зохиожээ.
Шагнал
- 2004-2006 он: Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлэг
- 2009/01-2009/12 он: ХБНГУ-ын Берлин хотын Шаритегийн анагаах ухааны факультетын докторын ажлын тэтгэлэг
- 2021 он: Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний Ажилтан