Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Дорждагва Жигзавын (1904-1991) - БНМАУ-ын Алдарт Гавьяат дуучин, Зууны манлай Уртын эрэгтэй дуучин.
Намтар
1904 онд Түшээт хан аймгийн Говь гүний хүшуу, одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг “Дэрсэн хонд” хэмээх газар төржээ. Тэрбээр ах дүү олуулаа өссөн, эцэг Жигзав нь нутагтаа сайн дууч гэгддэг, лимбэ, торин хуур тоглодог байжээ. Эцэг нь хүүхдүүддээ “Түмний эх”, “Хуурын магнай”, “Өвгөн шувуу”, “Уяхан замбуу тивийн наран” зэрэг дууг дуулж хуурддаг байсан нь Дорждагвыг дуучин болоход нөлөөлжээ. 1912 оноос Онгийн голын хийдэд шавилан сууж, 1927 он гэхэд Гандантэгчилэн хийдийн Дашяоймболын хурлын дацангийн голч ламын үүрэг хүлээж, хурлын уншлагын оройлогч унзадын мяндагт хүрч явсан гэдэг. Мөн оноос хар болж түүхий эдийн баазад эд шалгагч, хэвдэх үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж байжээ. 1932 онд Ардын цэнгэлдэх хүрээлэнд шалгуулан тэнцсэн тэр үеэс төрийн дуучин М.Дугаржав, Б.Лувсангомпил, Г.Поврон, С.Гомбо нарт шавь орж уртын дууны нутаг нутгийн дэг, дуулах арга барилаас сурч эзэмшсэн байна. Ж.Дорждагва Улсын төв театр, УАДБЧуулгад дуучин, найрал дууны багшаар тасралтгүй 40 жил ажиллаж, Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багшлах зэргээр амьдралынхаа 50 гаруй жилийг дууны урлагт зориулсан юм. Тэрбээр шинэ цагийн шилдэг дуунуудын анхдагчид тооцогдох “Соёл эрдэнэ”, “Шинэ сүлд”, “Эх орон”, “Туулай би” зэрэг 10 гаруй дуу, “Мандухай хатан” хөгжимт драмын жүжгийн бүүвэйн дуу, “Шарай голын гурван хаан” хөгжимт драмын жүжгийн Гэсэр мэргэний дуу, “Учиртай гурван толгой” дуурийн найрын дууг зохиожээ. Ж.Дорждагва өмнөх үеийнхээ уртын дуучдын туршлага, төв халхын айзам урт дууны сонгодог уламжлалыг XX зууны хоёрдугаар хагастай залгуулж уламжлал, шинэчлэлийн залгамж холбоог хангахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн үндэсний соёлын гарамгай зүтгэлтэн мөн. Тэрбээр 1936 онд өөрийн багш М.Дугаржав, Б.Печникова нартай хамтран 20 гаруй уртын дуу, 1970 онд бие даан 102 уртын дууг өөрөө ноотлон буулгаж хэвлүүлжээ. Ж.Дорждагвын урын санд “Өвгөн шувуу хоёр”, “Дуртмал сайхан”, “Цэвцгэр хурдан шарга”, “Эртний сайхан”, “Дөмөн”, “Эрдэнийн галбирваасан”, “Хоёр бор” зэрэг 200 гаруй уртын дуу байдагаас Монголын радиогийн санд түүний дуулсан 60 гаруй дуу, 30 гаруй ярилцлага хагалагдаж байдаг. 1935 онд Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор шагнагдсан.